ХААН ШАТАР KHAAN CHESS ДЭЛХИЙН ШАТРЫН МУЗЕЙД ХҮНДЭТГЭЛТЭЙ ЗАЛАРЛАА

Монгол Улсын "Хаан Шатар" брэнд АНУ-ын хамгийн том мэргэжлийн шатрын клубын урилгаар өөрсдийн бүтээсэн “Нөхөрлөл” сэдэвт их гарын шатрыг АНУ-ын Миссури мужийн Сэйнт Льюс хотноо "World Chess Hall of Fame буюу Дэлхийн Шатрын Алдрын Танхим" гэж нэрлэгдэх шатрын музейд ёслол төгөлдөр гардуулж өглөө. 
Тус арга хэмжээ нь одоо АНУ-ын Их мастеруудын дунд зохиогдож буй "American Cup буюу Америкын Цом" өндөр зэрэглэлийн шатрын тэмцээний нээлтийн ёслолын үеэр хүндэтгэлтэйгээр болж өндөрлөлөө. Арга хэмжээний нээлтэнд Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул, шатрын ОУ-ын мастер Т.БАТЦЭЦЭГ, "Хаан Шатар" ХХК -ий удирдлагууд, Сэйнт Льюс мэргэжлийн шатрын клубын үүсгэн байгуулагчид, дэлхийн шилдэг Их мастеруудын төлөөлөл болон манай тамирчин, Их мастер Д.БАТСҮРЭН нар оролцсон байна. 
Түүхэнд дуурсагдах үйл бүтээж яваа "Хаан Шатар" ХХК-ий удирдлагууд болон хамт олонд Монголын Шатрын Холбооны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, шатрын спортыг хөгжүүлж буй их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!