Монгол шатарт уламжлал, ахуй зан заншил нэвт шингэсэн байдаг

Шатар хэмээх хөлөгт тоглоом анх хаана, хэрхэн үүссэн тухай мэдээлэл тун хомс гэж тэмдэглэжээ. Гэвч түүний гарал үүсэл үлгэр домог хэлбэрээр өргөн хүрээнд тархсан байна. “Шатрын тоглолт дуусашгүй бөгөөд хэрвээ хүн Адам, Евагийн үеэс эхлэн шатрын хөлөгний ард салахгүй суусан ч одоо хүртэл бүх өргийг тоглож амжаагүй л байх байсан” гэдэг домог байх жишээтэй.


Гэхдээ шатар МЭ 5-6 дугаар зуунд Энэтхэгт үүссэн гэж үздэг. Шатар Энэтхэгээс Зүүн болон Өмнөд Ази руу тархаж улмаар Иранд хамгийн өргөн дэлгэрчээ. Ухааны давуугаар хождог энэ тоглоомонд арабууд шунан дурлаж өөрсдийнхөөрөө “шатранж” хэмээн нэрлэх болжээ. Арабууд шатар тоглохоос гадна шатрын бодлого, этюд зохион тодорхой байрлалууд дээр дүн шинжилгээ хийдэг байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Арабт ихээхэн хөгжиж байсан шатар Европт дэлгэрэнгүүтээ хурд нь саарчээ. Католик сүмээс шатрыг хориглож байв. 10-15 дугаар зуун бол шатрын уналтын үе байлаа. Харин 16 дугаар зууны үед шатар одоогийн байгаа хэлбэрээ олон хөгжиж эхэлсэн байна. Шатрыг ихэс дээдэс төдийгүй, жирийн иргэд ч тоглох болжээ.


Монголд шатар 13-14-р зууны үед Персээс ирсэн гэж үздэг. Шатрын дүрс, тоглоомын явцыг тэмцэл тулаантай адилтган өгүүлсэн байдгаараа Энэтхэгтэй тун төстэй. Монгол шатарт “Тэрэгтэй морин довтолгоо”, “Yр гэсэн тэмээний өрсөлт”, “Хоёр тэмээний тэшилт”, “Хоёр морины хатираа” зэрэг гарааны хувилбарууд, “Хорин дөрөв буюу хоёр тэмээн тойруулга”, “Алаг арав”, “Морин дөрөв”, Морин гурав”, “Түмэн түүхий”, “Холбоо үгийн чимэгт хорт таван шаг”, “Буурал морины бухалт”, “Уран бэрийн хожил” зэрэг уран сайхан хожлууд байдаг нь үлгэр домогт хадгалагдан ирсэн байна.


Монгол шатар олон онцлогтой. Монголчууд шатрыг мод, яс, чулуугаар сийлж урладаг. Монгол шатрын хүү нь нохойн дүрстэй, уламжлалаар “гөлөг” гэнэ. Монгол шатрын тэрэг нь үхэр тэрэг дүрстэй, анхны үүсэл дүрс, хэллэг нь “үхэр” бөгөөд хөгжилтийнхөө явцад тэрэг гэх болсон аж. Монгол шатрын морь, тэмээ нь ориг дүрс хувилбараараа байдаг. Монгол шатрын бэрс нь арслан, барын дүрстэй, уламжлалаар “нохой” аж. Монгол шатрын ноён нь олбог сэнтийдээ заларсан эрх ямбат ”хүн” дүрстэй. Монгол шатарт Монголын түүх уламжлал, ахуй зан заншил нэвт шингэсэн байдаг. Анх ан агнуурын төлөвлөгөө боловсруулдаг дүрслэл хэрэглээ байснаа дайн байлдааны тактик, маневрь хувилбарын олон дүрст хөлөгт (Палигонь) талбар болсон байх юм. Хожим оюун ухаанаа уралдуулдаг талбар буюу хөлөгт тоглоомууд үүссэн. Монголчууд зуу гаруй хөлөгт тоглоом тоглодогоос хамгийн гайхалтай нь Монгол шатар болой.


Шатар бол хоёр хүн тоглодог хөлөгт тоглоом. Найм наймын харьцаатай нийт 64 нүд бүхий хөлөг дээр тоглодог. Тоглоом эхлэхэд тоглогч тус бүр доорх зургаан зүйлийн төрлөөр тоглодог байна. Үүнд: 1. 1 Ноён 2. 1 Хатан 3. 2 Тэрэг 4. 2 Морь 5. 2 Тэмээ 6. 8 Хүү Тоглоомын зорилго бол эсрэг талын Ноён луу довтолж түүнийг дахин нүүх нүүдэлгүй болгох явдал юм.


АНУ-ын эрдэмтдийн гаргасан баримтаар өдөрт шатрыг 1,500,000,000 хүн тоглодог гэжээ. Үүний 28 хувь нь эхлэн суралцагч буюу сурч байгаа, 71 хувь нь мэргэжлийн, үлдсэн 1 хувь нь оюуны өндөр чадвартай буюу маш ухаантай хүн ордог юм байна. Шатар бол спортын нэг төрөл бөгөөд оюуны спорт гэж нэрлэх нь ч элбэг байдаг. Шатарт цагаан тал нь эхэлж нүүдэг. Шатрын хөлөг нь 64 нүдтэй. Шатар 32 дүрстэй. Хожихын тулд зөвхөн эсрэг тоглогчийнхоо ноён гэж нэрлэгдсэн дүрсийг мадлахад хангалттай. Барьснаа нүүх, айлын юманд хүрсэн бол заавал идэх учиртай. Эсрэг талын ноёныг гацаанд оруулсан нөхцөлд:

·         Хүүгээр «цод» .

·         Тэмээгээр «дуг» .

Бусад модоороо «шаг» гэх мэтээр хэлдэг онцлогтой. Дэлхийн шатрын холбоо (1924 онд байгуулагдсан)-ны санаачлагаар 1966 оноос эхлэн жил бүрийн 7 дугаар сарын 20-нд олон улсын  шатрын өдрийг тэмдэглэж байхаар болжээ.


Монголын шатрын холбоо Дэлхийн Шатрын Холбоонд 1955 оны аравдугаар сарын 8-нд элсчээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол шатрын суурь дээр 1930-аад оны дунд үеэс манай оронд орчин үеийн шатар дэлгэрэн хөгжиж эхэлсэн бөгөөд 1956 онд Москва хотноо зохиогдсон Дэлхийн шатрын 12 дугаар олимпиадад Монголын баг анх оролцсоноос хойших хугацаанд хөгжлийн төвшин нь эрс дээшилсэн гэж шатрын мэргэжилтнүүд үнэлдэг.


Дэлхийн шатрын олимпиадад багаараа 21 удаа оролцон ширээний дүнгээр 1960 онд Л.Мягмарсүрэн алт, 1964, 1970 онуудад Т.Yйтүмэн мөнгө, З.Бямбаа 2002 онд мөнгө, 2000 онд хүрэл, 2004 онд Б.Хатанбаатар, Т.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж эрэгтэйчүүд 1970 онд 60 орноос 16 дугаарт, эмэгтэйчүүд 1990 онд 46 орноос 12 дугаар байрт шалгаран багийн дээд амжилтыг тогтоожээ.


Азийн бүсийн АШТ-д 4 удаа (Л.Мягмарсүрэн-1966, Т.Yйтүмэн-1969, С.Хандсүрэн-1972, Ц.Батцэцэг-1990 нар тус бүр нэг) түрүүлэн ДАШ бүс хоорондын тэмцээнд шалгарчээ. Азийн бүсийн АШТ-ээс 1999 онд Д.Шаравдорж хүрэл, 2003 онд Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртэж багийн АШТ-д (1995) Б.Хатанбаатар ширээндээ түрүүлж байжээ. Ази тивийн залуучуудын АШТ-ээс 1992 онд Б.Хатанбаатар алт, өсвөрийн шатарчдын тивийн АШТ-ээс 1998 онд Г.Эрдэнэ алт, 2004 онд Т.Халиун хүрэл медаль тус тус хүртэцгээжээ. Дэлхийн багийн аварга шалгаруулах шатрын бодлого зохиомжийн анхдугаар тэмцээний (1975)  хамжаа мадын төрөлд С.Чимэдцэрэн 2 дугаар байрт шалгарч байсан байна.

 Спортод гаргасан амжилтыг нь үнэлэн шатарчдаас 3 гавьяат цолтон төржээ.

Г.Эрдэнэбат. /МОНЦАМЭ/